Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Усны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Усны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Усны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-08-25, Улаанбаатар09-ne-76

1 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 23.5-23.7 дахь хэсэг нэмсүгэй:

23.5.

Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг хангахаар байгаа тохиолдолд уг нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй.

23.6.

Тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөц нь түүний хэрэгжүүлэх төслийн хэмжээ, усны хэрэгцээнд үндэслэн төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг харгалзан өөрийн үйл ажиллагааг бүрэн хангаж илүү гарах нөхцөлд бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулах бөгөөд усны эрэл, хайгуулын нийт зардлаас зөвхөн тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны эрэл, хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлүүлнэ.

23.7.

Энэ хуулийн 23.5, 23.6 дахь хэсэг нь хөдөө аж ахуйн болон унд, ахуйн зориулалтаар ашиглах усны харилцаанд хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах гэрээг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай нэгэн адилаар тооцон 30 жилийн хугацаатай байгуулж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн нөхцөлд зөвшөөрөл эзэмшигчийн ус ашиглах эрхийг тухай бүрд 20 жилээр сунгаж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.