Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-05-21, Улаанбаатар15-ne-100

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

60 дугаар зүйлийн 60.5-60.10 дахь хэсэг:

60.5.

Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно.

60.6.

Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно.

60.7.

Энэ хуулийн 60.2.6-д заасан эх үүсвэрийг ашигт малтмал ашигласан аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд, энэ хуулийн 60.2.7-д заасан эх үүсвэрийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлнэ.

60.8.

Энэ хуулийн 60.2.6-д заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.

60.9.

Энэ хуулийн 60.6, 60.7-д заасан нутаг дэвсгэр нь хоёр болон түүнээс дээш тооны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ.

60.10.

Энэ хуулийн 60.5-60.9-д заасан орлогын шилжүүлэг хийх нарийвчилсан аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2/

60 дугаар зүйлийн 60.2.6, 60.2.7 дахь заалт:

60.2.6.

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувь;

60.2.7.

ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

59.2.

Аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн сангаас энэ хуулийн 59.1.1-59.1.5-д заасан орлогын шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 59.3-т заасан үзүүлэлтийг харгалзан хуваарилна.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.