Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-02-05, Улаанбаатар16-ne-72
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.12, 19.13 дахь хэсэг нэмсүгэй:
¶19.12. Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.
¶19.13. Доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчид энэ хуулийн 19.12-т заасан хөнгөлөлт үзүүлэхгүй: 19.13.1.ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах; 19.13.2.согтууруулах ундаа худалдах, импортлох; 19.13.3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; 19.13.4.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох; 19.13.5.ярианы үйлчилгээ эрхлэх; 19.13.6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; 19.13.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; 19.13.8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах; 19.13.9.цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа.
Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.