Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүйШүүх, прокурор

одоогийн эх рүү буцах

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-10-18, Улаанбаатар19-ne-099

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг:

22.2.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.

2/

34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг:

34.4.

Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ:

34.4.1.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

34.4.2.

үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

34.4.3.

үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

34.4.4.

өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;

34.4.5.

хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох;

34.4.6.

хуульд заасан бусад үүрэг.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

34.3.

Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 34.3.1.нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх; 34.3.2.гэрчээр асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргах; 34.3.3.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглах; 34.3.4.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс зөвлөгөө, лавлагаа авах; 34.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах; 34.3.6.үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх; 34.3.7.үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах; 34.3.8.эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; 34.3.9.хэргийн нотлох баримттай танилцах, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилан авах; 34.3.10.шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах; 34.3.11.өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах; 34.3.12.шүүх хуралдаанд оролцох; 34.3.13.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах; 34.3.14.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих; 34.3.15.нотлох баримтыг шинжлэн судлуулах; 34.3.16.шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах; 34.3.17.шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах; 34.3.18.иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг албадан биелүүлүүлэх тухай хүсэлт гаргах; 34.3.19.хуульд заасан бусад эрх.

3 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийн дугаарыг 34.5 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.