Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гадаад харилцааИргэний эрх зүй
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-017
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд дараах агуулгатай 7.6-7.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶7.6. Зөвшөөрөл хүсэгч улсын онц чухал объектод гадаадын иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
¶7.7. Гадаадын иргэн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу улсын онц чухал объектод ажиллаж болно.
¶7.8. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлийн 7.6-д заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгах ажиллагааг хэрэгжүүлж, саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт хүргүүлнэ.
¶7.9. Засгийн газар зөвшөөрлийг олгох эсэхийг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
¶7.10. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг энэ хуулийн 7.8-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.