Монгол Улсын хууль
Захиргааны Журмаар Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2015-12-03.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Захиргааны Журмаар Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай
2000-01-28, Улаанбаатар00-h-05
Энэ хуулийн зорилт нь захиргааны журмаар баривчлагдсан этгээд зардлаа төлөх чадваргүй, эсхүл төлөхөөс зайлсхийлсэн тохиолдолд түүнийг албадан хөдөлмөрлүүлж, баривчлагдсан хугацааны үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх журмыг тогтоож хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай¹, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Захиргааны журмаар баривчлагдсан этгээд баривчлах байранд байсан хугацааны зардлаа төлөх чадваргүй, эсхүл төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн этгээдээр албадан хөдөлмөр хийлгэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэхдээ зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож баривчлагдсан этгээдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг харгалзана.
Захиргааны журмаар баривчлагдсан этгээдээр албадан хөдөлмөр хийлгэх тухай шийдвэрийг шүүх гаргана.
Захиргааны журмаар баривчлагдсан этгээдээр албадан хөдөлмөр хийлгэх хугацаа нь баривчлах шийтгэлийн хугацаанаас илүүгүй байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга албадан хөдөлмөрлүүлэхээр шийдвэр нь гарсан, баривчлагдсан этгээдийг ажлын байраар хангана.
Албадан хөдөлмөрийг хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд байнгын харуул хамгаалалт дор зохион байгуулна.
Албадан хөдөлмөрийн ажлын норм, үнэлгээг тухайн ажилд хамаарах нийтлэг норм, үнэлгээг баримтлан тогтооно.
Албадан хөдөлмөрлөсөн этгээдийн цалин хөлснөөс баривчлах байранд байсан хугацаанд гаргасан зардлыг /байр, хоол, бусад үйлчилгээ/ суутгаж үлдсэн хэсгийг нь өөрт нь олгоно.
Баривчлагдсан этгээдийн цалин хөлс нь баривчлах байрны зардлыг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар гаргуулж болно.
Баривчлагдсан этгээд албадан хөдөлмөр хийхээс зайлсхийсэн буюу оргосон хугацааг түүний баривчлагдсан хугацаанд оруулж тооцохгүй.
Баривчлагдсан этгээд албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргаж болно.
Энэ хуулийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.